STEM сургалтын нууц нь тоглоомоор хүүхдийг хөгжүүлэх юм.
ГАР УТАС, КОМПЬЮТЕР ХҮҮХДИЙН ТӨСӨӨЛӨН БОДОХ ЧАДВАРЫГ ҮГҮЙ ХИЙДЭГ
Сүүлийн үед ухаалаг утас, нөүтбүүк, таблет, зурагт зэрэг та бидний технологжсон хэрэглээ бага насны хүүхдүүдийг “уруу татаж” байгаа нь дэлхийн олон орны хөгжлийг хойш нь татахад хүргээд байна гэсэн ноцтой мэдээллийг тэд бас яриандаа дурьдаж байх юм. Учир нь, дунд сургуулийн хүүхдүүд гар утсанд хэт татагдах болсноос хоорондын харилцаа нь эрс муудах, уур уцаартай болох, найз нөхдөөсөө илүү гар утсаар тоглох, зурагт үзэхийг илүүд үздэг болжээ. Мөн энэхүү технологийн хялбарчилсан арга нь хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, төсөөлөн бодох чадварыг эрс бууруулж байна гэдгийг мэргэжилтнүүд бас шүүмжилсэн. Тиймээс энэ удаа бид хот, хөдөөгийн зарим сургууль, цэцэрлэгт хэрэгжиж буй STEM боловсролын талаарх зарим мэдээллийг дуулгахыг зорьсон юм.
Хүүхдүүдийн хувьд амьдралынх нь эхний хоёр жил тархи хөгжих маш чухал үе байдаг аж. Иймээс олон цагаар зурагт үздэг, гар утсаар оролддог хүүхдүүдийн бүтээлч байдал, төсөөлөн бодох чадвар эрс буурдаг аж. Тиймээс яг энэ цаг үед нь хүүхдүүдэд нас насанд нь тохирсон шинэ тоглоом зохиох, оюун бодолдоо өөрийн гэсэн ертөнцийг бий болгож, өөрийнхөөрөө сэтгэж, хийж бүтээхэд энэхүү ширээ дүүрэн өрсөн роботик тоглоомууд хамгийн их тусалдаг ажээ.
“Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийнхээ техник сэтгэлгээг хөгжүүлэх, технологийн чиглэлд өөрийнхөө сонирхлоор суралцахад нь туслах зорилготой. STEM роботик угсардаг тоглоомыг Монголын хүүхэд, багачууд, хот, хөдөөгийн сургууль, цэцэрлэгт нийлүүлж байгаа “STEM Brainy Tech” ХХК энд үзүүлэнгээ дэлгэсэн нь энэ юм захирал Б.Алтанзагастай ярилцсан юм. Тус компани СТЕМ боловсролын технологийг Монголд нэвтрүүлэх чиглэлээр 2013 оноос эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж. “STEM Brainy Teach” компанийн захирал Б.Алтанзагасаас зарим зүйлийг асууж, тодруулав.
Б.Алтанзагас: STEM сургалт хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлдэг
- STEM боловсрол олгох гэдгийг та энгийнээр тайлбарлаж хэлэхгүй юу. Орчин үеийн хүүхдүүдэд яагаад заавал STEM боловсрол хэрэг болно гэж?
-STEM гэдэг үг нь Science, Technology, Engineering and Mathematics гэдэг үгийн товчлол буюу байгалийн ухаан, технологи, инженерчлэл, математикийн ухааны нэгдмэл боловсролыг олгохыг хэлж буй юм. Ингэхдээ үүнийг цэцэрлэгийн наснаас нь эхлэн ерөнхий боловсролын сургуульд тодорхой аргачлалтайгаар нэвтрүүлэх, олон улсын боловсролын салбарт нэлээд эрчимтэй явагдаж буй боловсролын салбарын шинэчлэл буюу реформ гэж нэрлэгдээд байгаа технологи юм.
XXI зуунд хүн бүрт стем боловсрол хэрэгтэй. Яагаад гэвэл, шинээр нээгдэж буй ажлын байрны 60 хувьд өндөр түвшний STEM ур чадвар хэрэг болно гэсэн дүгнэлтийг олон улсын эрдэмтэд гаргаад байна. Жишээ нь, Хятад улсад 2030 он гэхэд хамгийн багадаа 200 орчим сая STEM ур чадвартай мэргэжилтэнгүүд бий болно гэсэн тооцоолол бий. Энэ нь барууны орнуудтай харьцуулахад АНУ-ын ажиллах хүчнээс ч давж байгаа тоо юм. Тиймээс улс орон бүр хүүхэд бүрт STEM боловсролыг олгох вэ гэдэг асуудалд анхаарч ажиллаж байна. Үүний цааана юу байна вэ гэхээр амьдрал дээр тулгарч буй асуудал бүрийг онолын аргаар шийдэж чадахгүй. Нөгөө талаас манайд орж буй хичээл бүр тус тусдаа ордог. Гэтэл амьдрал дээр бүх л асуудал нэгдмэл зүйлээр шийдэгддэг. Өөрөөр хэлбэл, аливаа асуудлыг шийдэхэд олон талын оролцоо чухал. Тэр асуудлыг шийдэхэд хүүхдүүдэд математикийн ухаан, байгалийн ухаан, мэдээлэл зүй, технологи зэргийг холбоо уялдаатай ашиглах мэдлэг, мэдээлэл дутагдаад байна. Гэтэл манайд бүх хичээл тусдаа. Нөгөө талаас сошиал ертөнц хөгжихын хэрээр хүүхэд математик, технологийн мэдлэг, мэдээллээс хол хөндий, сонирхолгүй болж байна. Тиймээс хүүхдийн математик сэтгэлгээг нь багаас нь хөгжүүлэх, энэ шинж чадварыг нь алдагдуулахгүй байх нь STEM сургалтын гол зорилго оршиж буй юм.
-Хүүхэд тоглонгоо хөгжинө гэсэн үг үү?
-STEM сургалтын гол онцлог бол тоглоомоор хүүхдийг хөгжүүлэх. Хүүхэд тоглонгоо хэлбэр дүрсийг таних, янз бүрийн математик дасгалуудыг хийж байна. Технологийг хийхдээ хүч хөдөлгөөн дамжуулалт, цахилгаан энерги дамжуулах зэрэг олон талын мэдээлэл авч байна. Дээрээс нь хүүхэд ямар нэгэн зүйл зохион бүтээх явцдаа технологи гэдэг зүйл хэрхэн бүтдэг вэ гэдгийг ойлгож авч байна. Үүнд л энэ сургалтын гол ач холбогдол оршиж байгаа юм.
-Манайд энэ сургалтыг явуулдаг сургууль, цэцэрлэг цөөнгүй байдаг гэж сонссон. Гол төлөв ямар хичээлтэй уялдуулж орж байгаа вэ?
-Энэ сургалт бага боловсролын цөм хөтөлбөр, боловсролын салбарын шинэчлэлтэй их нийцэж байгаа юм. Жишээ нь, бага боловсролын бүх хичээлийг интеграци хэлбэрт оруулж өгч байна. Математик, эх хэлний чадвар, хүн орчин, хүн ба байгаль, дизайн технологи гэх мэт хичээлүүдийг нэгтгэж өгч байна. Дэрээс нь мэдээлэл зүй, математик, физик, хими гэсэн хичээлүүдийг интеграцчилж өгч байна. Сургалтын хэрэглэгдэхүүн нь бүгд монгол хэл дээр хэвлэгдсэн. Боловсролын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн багш нараар хянуулаад бэлэн болгосон байгаа. Дээрээс нь багш нарт яаж STEAM боловсрол олгох вэ. МУБИС-ийг төгсөөд гарч буй багш болгон яаж STEAM боловсролыг хүүхэд бүрт заах чадвартай болох вэ гэдэг төслийг МУБИС-ийн багш нар боловсруулаад ажиллаж байна. Мөн МУБИС лицей сургуульдаа энэ сургалтыг туршиж байгаа. Хот, хөдөөд Өмнөговь, Дархан-Уул аймаг, Багануур дүүрэг, нийслэлийн “Монгени” цогцолбор сургууль дээр энэ сургалтыг амжилттай хэрэгжүүлж байна.
Comments
Post a Comment